ДЭЛХИЙН ФИНТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД

Финтекийн салбар нь үүсч хөгжөөд удаагүй салбар тул зохицуулалтын орчин, эдийн засаг, худалдаа, улс төр, хамтын ажиллагаа гэх мэт маш олон талын сорилтууд Монголд ч зогсохгүй дэлхийн финтекийн салбарт тулгарч байна. Дэлхийн хэмжээнд финтек гэх шинэ салбар маань илүү хүртээмжтэй, үр ашигтай болж хөгжихөд ямар саад бэрхшээлүүд тулгарч байгаа, мөн /хэрэв байгаа бол/ тэдгээрийг даван туулах шийдлүүдийн өнөөгийн дүр зургийг өнөөдрийн нийтлэлдээ шинжилцгээе.

Зохицуулалт

  1. Европын Холбооны “GDPR”

EU (European Union) буюу Европын Холбо нь General Data Protection Regulation (GDPR) буюу Дата Хамгааллын Ерөнхий Зохицуулалтыг батлан гаргасан бөгөөд энэ нь Европын олон финтек компаниудад бэрхшээл болж байна. Тэд үйл ажиллагаагаа энэхүү шинэ хууль, дүрэмтэй нийцэж байгаа эсэхийг шалган, арга хэмжээ авахад багагүй зардал гаргацгааж байгаа аж. Ийнхүү шинэ зохицуулалтын шаардлагуудаас болж олон финтек байгууллагууд уламжлалт үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад илүү олон нэмэлт шаардлагуудыг хангах ёстой гэсэн том сорилттой тулгарч байна.

  1. Уламжлалт vs. Финтек

Уламжлалт зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг томоохон санхүүгийн байгууллагуудад энэ төрлийн хууль, эрхзүй, зохицуулалтын орчны асуудлуудыг шийдвэрлэх бүтэн баг байдаг бол старт-ап зохион байгуулалттай финтек компаниудад ихэвчлэн нэг л хүн энэ бүх ачааг үүрэх шаардлагатай болдог нь том сорилт болоод байна.

  1. Зохицуулалтын орчны хоцролт

Эцэст нь мэдээж технологийн хурдтай хөгжилтэй хараахан хөл нийлүүлэн алхаж гүйцэхгүй байгаа төрийн зохицуулалтууд бол финтек салбарын хамгийн том сорилт билээ. Үүнээс болж зарим шинэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй финтек компаниуд шаардлагатай, зохистой зохицуулалтын орчин нь хараахан бүрдээгүйгээс болж “ойлгомжгүй, бүдэг” нөхцөл байдалд ажиллахад хүргэж байна.

  1. Шийдэл

Эдгээр зохицуулалттай холбогдолтой сорилтуудыг даван туулах хамгийн ойлгомжтой, энгийн боловч тийм ч амаргүй шийдэл нь төрийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллах билээ. Тухайлбал, зохицуулалтын “сэндбокс” орчинд оролцох нь ялангуяа нэн чухал ач холбогдолтой. Сэндбокс гэдэг нь аливаа финтек компани шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд бодитоор санал болгохоосоо өмнө, зохицуулалтын хяналттай, тодорхой хязгаарлалттай туршилтын зах зээлд турших боломж бүхий орчинг “sandbox” гэдэг байна. (“Sandbox” буюу эцэг эхчүүд тоглоомын талбайн захаар сууж, хүүхдүүдээ элсэн дээр найзуудтайгаа тоглохыг холоос харж, эрсдэл аюул тулгарах эсэхийг хянан суудагтай утга санааны хувьд ижил.) Сэндбоксын талаарх анхны журам 2021 оны эхний хагаст батлагдан гарсан бөгөөд сэндбоксын зохицуулалтын орчин Монгол Улсад бүрдэх эхний алхам хэрэгжсэн байгаа.

Түүнчлэн, зохицуулалтын орчинтой холбоотой тулгарч буй асуудлуудаа “зовлон нэгтэй” өөр финтек компаниудтай хуваалцаж, нөөц бололцоогоо нэгтгэн хамтдаа төрийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллах нь зардал багатай бөгөөд үр ашиг өндөртэй.

Эдийн засаг

  1. Санхүүгийн тогтвортой байдал

Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь санхүүгийн системийн найдвартай байдлыг, мөн мөнгөний тогтолцоог шууд утгаар нь хамгаалах бодлогыг хэлдэг бөгөөд худалдааны банкны тогтвортой шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Финтек нь тухайн орны санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг авчрах эерэг талтай ч эрх зүйн зохицуулалт үр дүнгүй, оновчтой бус тохиолдолд санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байдаг талаар олон тооны судалгааны дүн тогтоож өгсөн байдаг. Тиймээс болзошгүй эрсдлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэсэн нийтлэг байр суурь байдаг. Иймд санхүүгийн салбарын хөгжилд нөлөөлөх финтек компаниудын үйл ажиллагаанд хаалт, хүндрэл учруулахгүй тэнцвэртэй зохицуулалт бий болгох асуудал бодлого боловсруулагч, санхүүгийн зохицуулагчдын дунд том сорилт болж байгаа аж.

  1. Инноваци

Аливаа Инноваци олон талын ашигтай. Шинэ технологийг хүн бүр ашиглах боломжтойгоос гадна, хямд өртөгтэйн дээр хамгийн гол нь өндөр үр ашигтай байдаг. Иймд улс орнууд инновацийн төвүүдийг хөгжүүлэх, чадавхжуулахад ихээхэн анхаарч байгаа боловч эдийн засгийн чухал хүчин зүйл болох банкны салбар Финтек компаниудын технологийн шинэчлэлтийн хурдаас хоцрох хандлага гараад буй. Нээлттэй банк, машин сургалт (mahine learning) гэх мэт инновацийн чиг хандлагууд санхүүгийн салбарт хүч түрэн орж ирж байгаа үед банкны салбар, ялангуяа жижиг дунд банкууд хурдацтай зохицох шаардлагатай байна. 

  1. Хэрэглэгчийн сэтгэл ханамж

Финтек байгууллагууд санхүүгийн найдвартай эх үүсвэр болохын тулд үйлчлүүлэгчтэйгээ харилцахдаа ил тод, нээлттэй байх хэрэгтэй. Ингэснээр Финтек салбарын талаарх янз бүрийн ташаа ойлголтыг үгүй ​​хийх, харилцагч болон финтек компаны хоорондын итгэлцлийн аливаа бэрхшээлийг арилгахад чухал нөлөө үзүүлэх юм.

Улс төр

  1. Мөнгө угаахтай тэмцэх болон харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа

Мөнгө угаахтай тэмцэх нь хууль бус үйлдлээр орлого олох явдлыг таслан зогсоох зорилготой журам, хууль, тогтоомжийн цогц юм. Финтек болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчдэд мөнгө угаахтай тэмцэх болон харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаатай холбоотой хатуу хяналт шалгалтыг тавьдаг бөгөөд шаардлага биелүүлээгүй этгээдэд торгууль ногдуулах бүр цаашлаад лицензийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авдаг учраас бизнес эрхлэгчид улам бүр хатуу болж буй мөнгө угаахтай тэмцэх  болон харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны  шаардлагуудыг хангах сорилт байнга тулгарсаар байна.

  1. Мэдээллийн аюулгүй байдал 

Технологийн салбарт мэдээллийн нууцлал, хамгаалалт маш чухал байдаг тул хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин болон технологийн шийдэл нь нэг том сорилт болдог. Хэдийгээр нэг талаас санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нэмэгдэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ гарц, шийдлүүдийг олсоор байгаа боловч нөгөө талаас хэрэглэгчийн эрх ашиг, мэдээллийн аюулгүй байдал, цахим гэмт хэргээс хамгаалахын тулд технологид суурилсан эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах хууль, эрх зүйн орчин үүссэн байх шаардлагатай юм.

  1. Олон улсад гарах сорилтууд 

Дээр дурдсан сорилтуудаас гадна тухайн орны хууль дүрэм, санхүүгийн зохицуулалтын шаардлагаас шалтгаалж Финтек компаниуд олон улсад гарах нь саад бэрхшээлтэй байдаг. Сүлжээгээ

 хөгжүүлхийн тулд Финтек компаниуд “For Benefit Of” данс (FBO) болон Олон улсын банкны дансны дугаар (IBAN) руу нэвтрэх хэрэгтэй болдог бөгөөд энэхүү эрхийг  авахын тулд ихэвчлэн банкуудад найдах хэрэгтэй болдог.  Цаашлаад бизнесийн цар хүрээгээ тэлэхийн хэрээр олон улс оронд хэрэгжих боломжтой банкны шийдлийг олох шаардлага тулгардаг.

Уламжлалт ба финтек компанийн хамтын ажиллагаа

  1. Шийдвэр гаргалтын хурд

Уламжлалт FI-ууд (Financial Institution) буюу санхүүгийн байгууллагуудад дотоод шийдвэр гаргалтын үйл явц болон эрсдэлийн удирдлагын шаардлагууд нь илүү хурдан ажиллах арга барилтай финтек компаниудтай амжилттай хамтран ажиллахад нь саад болдог.

  1. Харилцаа холбооны дутагдал

Томоохон FI-уудын алба нэгж бүр тусдаа аливаа хөрөнгө оруулалт, худалдан авалт болон хамтын ажиллагааны шийдвэрийг гаргадаг учраас компанид дотоод харилцаа холбоо болон мэдээлэл солилцооны сорилт үүсдэг. Энэ нь цаашлаад финтек компанитай хамтран ажиллахад саад болдог.

  1. Финтекийн өндөр шаардлага

Тэгвэл FI талууд өнөөдөр финтек компаниудаас ердөө л “шинэлэг, догь” санаа бус, харин тодорхой санхүүгийн үйлчилгээний сектор дэхь нарийн асуудлын практик шийдлийг эрдэг болсон. FI-үүд болон хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө оруулалт хүсдэг. Тиймээс “incumbents” гэж нэрлээд байгаа салбартаа аль хэдийн зах зээлийн томоохон хувийг эзлэгч, уламжлалт санүүгийн инститүц байгууллагуудын хамтран ажиллагааны шаардлага стандартад нийцэх шаардлага бүхий сорилт финтек компаниудад үүсч байна.

  1. Финтекийн амжилтын хэмжүүр

FI-үүд финтек компанийн амжилтын тогтсон, тодорхой хэмжүүрийн арга хэрэгсэлгүйн улмаас хамтын ажиллагааны хүндрэл үүсдэг. Одоо ч финтек компанид оруулсан хөрөнгө оруулалтын амжилтыг тоон үзүүлэлт (тухайлбал, ROI - хөрөнгө оруулалтын өгөөж) эсвэл чанарын үзүүлэлт (илүү барьцгүй, ерөнхий) хоёрын алинаар нь хэмжих ёстой талаар мэтгэлцээн байсаар байна. Ийнхүү финтекийн амжилтын хэмжүүрийн тодорхой бус байдлаас болж финтек компани болон FI хоёрын хооронд хамтын ажиллагааны асуудал үүсдэг байна.

  1. Энгийн гэдэг нь хялбар гэсэн үг биш

Финтекүүдэд эрх чөлөө ба инновацилаг соёл байдаг бол санхүүгийн нөөц болон зах зээлийн талаар мэдлэг дутмаг байдаг. Харин FI-үүд яг эсрэгээрээ, мөнгө болон салбарын мэдлэг хангалттай их байдаг боловч байгууллагын бүтэц, зохион байгуулалт, системээрээ хязгаарлагдсан соёлтой байдаг. Incumbemt, fintech хоёрын нэг нэгнээ нөхөх боломж бололцоог хүн бүхэн харж чадах боловч тэрхүү нөхөх төлөвлөгөө, ажил, хэрэгжүүлэлтийг хийх гүйцэтгэх нь амаргүй юм. Бид замаа тод, тодорхой харж байгаа ч, зам нь ойр биш билээ.

 

Эх сурвалж

  1. The three biggest Fintech challenges facing the industry right now (globalbankingandfinance.com)

  2. deloitte-nl-fsi-fintech-report-1.pdf

  3. Four challenges facing Fintech businesses around the world ...

  4. Banking, FinTech, Big Tech: Emerging challenges for financial ...



1 сарын 25, 2022