ДЭЛХИЙН ТОП 7 БРОКЕР ФИНТЕК
“Брокер” гэдэг нь үнэт цаас, хувьцаа худалдан авагч болон худалдагч талуудыг хооронд нь зуучилж өгдөг мэргэжилтэнг хэлдэг. Тэгэхээр брокереж (brokerage) буюу брокерын финтек компани гэдэг нь хувьцааны зах зээлийн оролцогч талуудыг холбох технологийн шийдэл бүхий компани юм. Өнөөдрийн нийтлэлдээ бид та бүхэнд дэлхийн шилдэг долоон брокерын финтек компанийг танилцуулъя.
Мөн Америкийн алдарт Dow Jones & Company-гаас эрхлэн гаргадаг Barron’s хэмээх санхүү болон хөрөнгө оруулалтын сэдэвт сэтгүүлээс 2021 оны 2-р сард гаргасан 2020-2021 оны шилдэг онлайн брокерын компаниудыг эрэмбэлсэн жагсаалтыг хавсаргалаа.
1. Interactive Brokers
(Байршил: Greenwich, Connecticut, АНУ)
Веб хуудас: Home | Interactive Brokers Hong Kong Limited
Юу хийдэг вэ?
Interactive Brokers буюу IBKR бол брокерын компаниуд дундаа “акул” нь гэж хэлж болно. Тэд хувьцаа, опшион, фьючерс гээд бүх төрлийн үнэт цаасны арилжааг цахим талбарт арилжих боломжийг олгодог. IBKR-ийн хэрэглэгчид дэлхийн 33 орны нийт 135 үнэт цаасны зах руу нэвтрэн 23 мөнгөн тэмдэгтээр хөрөнгө оруулах боломжтой байдаг. Энгийн хэрэглээний IBKR Lite нь 0$-ын шимтгэлтэй байдаг бол мэргэжлийн түвшний IBKR Pro талбарт нэгж хувьцааны шимтгэл нь 0.0005$-0.0035$ эсвэл арилжааны дүнгийн 1%-г шимтгэлд авдаг байна.
Ямар финтек загвар ашигладаг вэ?
IBKR мэдээж хөрөнгө оруулалтын финтекийн бизнес модел ашигладаг. Тэдний ашигладаг инновацилаг технологийн шийдлүүдээс хамгийн томыг дурьдвал, тэдний захиалга гүйцэтгэгч систем нь бараг салбартаа хамгийн шилдэг нь гэж хэлэхэд хэлсдэхгүй. Тус систем нь зах зээлийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг маш хурдан хүлээн авч дамжуулдаг тул танд төгс хөрөнгө оруулалтын нөхцөл, үнэ, өгөөж зэргийг цогцлуулахын тулд захиалгын тань сүлжээ замыг асар хурдтайгаар дүгнэн шинжилж, илүү сайн нөхцөлтэй хөрөнгө оруулалтын боломж руу холбож өгдөг.
Брокерын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө уламжлалт брокерын компаниуд шиг брокерын шимтгэл авдаггүй юм бол IBKR хэрхэн ашиг олдог вэ гэж та гайхаж магадгүй. Дээр тайлбарласан захиалга гүйцэтгэгч систем нь баталгаажсан 100 хувьцааны арилжаа тутамд дунджаар 0.43$-ыг дундаас нь IBKR-т орлого болгон татдаг.
Үүнээс гадна таны дансан дахь үнэт цаасыг өөр нэгэн арилжигч эсвэл хедж сан зээлдэж авсан тохиолдолд тухайн үнэт цаасны зээлээс үүссэн орлогын 50%-ийг зээлдүүлсэн үнэт цаасны эзэн болох хэрэглэгчдээ, харин үлдсэн 50%-ийг өөртөө орлогоддог.
Энэ мэтчилэн хувьцааны зах дээрх олон төрлийн үйл ажиллагааны дүнгүүдээс асар бага хувь бүхий орлогуудыг хэрэглэгч болон арилжаанд оролцогч бусад этгээдүүдтэй “хувааж авах” хэд хэдэн арга замаар ашиг олдог байна.
Яагаад амжилттай яваа вэ?
Хөрөнгө оруулагч буюу хэрэглэгчийн дансанд заавал байх доод үлдэгдэл гэж байдаггүйгээрээ онцлог. Түүнчлэн, 2020 оны намар IBKR компани нь Impact Dashboard хэмээх талбарыг бүтээсэн ба энэ нь хөрөнгө оруулагчдад өөрийн хөрөнгө оруулалтын багц портфолиог үнэ цэнэ, сонирхолдоо нийцүүлэн бүрдүүлэхэд тусалдаг. Үүнээс гадна Interactive Brokers хамгийн сүүлд ESG (Environment, Social, Governance) буюу сүүлийн үед хөрөнгө оруулагчид компанийн хувьцаа сонгохдоо ихээхэн чухалчлах болсон “Байгаль орчин, Нийгмийн хариуцлага ба Засаглал” талын судалгааны цэс нэмж, хэрэглэгчдээ “халамжилжээ”.
IBKR-ийн хэрэглэгчид нийт 8,300 гаруй шимтгэлгүй хамтын санд (mutual fund) хөрөнгө оруулж болох ба “fractional share” буюу бутархай хувьцаанд хөрөнгө оруулж болдог. Харьцангуй жижиг хөрөнгө оруулалт хийдэг хэрэглэгч Тесла компаний нэг ширхэг хувьцааг $575-оор худалдаж авахаас илүү үүний тодорхой бутархай хэсгийг худалдаж авах бололцоотой шүү дээ.
Мөн хөрөнгө оруулагчид IBKR-т үнэт цаасны данс нээлгүүлэхдээ хувь хүн, хамтын данс, тэтгэврийн данс, итгэмжлэлийн данс, найз/гэр бүлийн зөвлөх, байгууллагын данс зэрэг 6 төрлийн дансны төрлөөс сонголт хийдэг.
Тэд арилжааны платформ санал болгоод зогсохгүй автоматжуулсан хөрөнгө оруулалтын менежмент, утасны аппликейшн, судалгаа болон боловсролын чанартай контент гэх мэт олон үйлчилгээ үзүүлдэг. Тэд өөрсдийн TWS буюу Trader Workstation хэмээх гар утасны аппаараа дамжуулан хөрөнгө оруулалт, зах зээл, програмчлал зэрэг сэдвээр сургалтын үйлчилгээ санал болгодог байна.
Ерөнхийдөө бусад брокерын финтек компаниудад байдаггүй маш өндөр түвшний, дээд зэргийн зохион байгуулалт, олон цэс бүхий бүтэц, хөрөнгө оруулагчид шаардлагатай бүх төрлийн нарийн төвөгтэй хэрэгслүүдийг нэг дор багтааж чадсан. Үүгээрээ ч харьцангуй арилжааны туршлагатай, дунд болон ахисан түвшний хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой платформ гэгддэг.
Interactive Brokers компани сүүлийн жилд:
-
StockBrokers.com 2021 Жилийн Тойм - 5/5 од
-
Barron’s Шилдэг Онлайн Брокерууд 2021 жагсаалтын 1-р байр
-
2020 Benzinga Шилдэг Арилжааны Технологи
-
Investopedia Онлайн Брокерын Шагнал 2020 - 4.4 / 5.0 од
-
Nerdwallet Best-Of Awards 2020-с Бага Өртөгтэй Хөрөнгө Оруулалтын төрөлд Шилдэг Брокер
гэх мэт шагналуудыг хүртсэн. Үнэхээр л “акул” байгаа биз?
2. Fidelity
(Байршил: Boston, Massachussetts, АНУ)
Веб хуудас: Fidelity International Usage Agreement
Юу хийдэг вэ?
Fidelity бол хөрөнгө оруулагчдад шаардагддаг олон талын хэрэгслүүдийг цогцлоосон үнэт цаасны арилжааны зах бүхий финтек компани билээ. Тэд шимтгэлгүй хөрөнгө оруулах боломжийг хэрэглэгчдэд 2019 оны 10-р сараас хойш олгож эхэлсэн. Бусад брокерын финтек салбарын “томчуудаас” нэг дутагдалтай тал нь одоохондоо тэд commodity буюу эд материал болон фьючерс зэрэг үнэт цааснууд арилжаалах боломжгүй. Энгийн хэрэглээнд тэдний веб суурьтай арилжааны платформ хангалттай байдаг бол Active Trader Pro хэмээх татаж аван суулгадаг платформ нь илүү мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулагдсан байдаг аж.
Ямар финтек загвар ашигладаг вэ?
Хөрөнгө оруулалтын буюу Investment Fintech Business Model загварыг ашиглан үйл ажиллагаагаа эрхэлдэг Fidelity компани нь маш баялаг “stock screener”-ийн сонголттой. Тэдний “stock screener” буюу хөрөнгө оруулагч асар олон хувьцаан дундаас өөрийн шаардлага (criteria)-д нийцэх хувьцаануудыг ялгаж харахад тусалдаг талбар нь нийт 140 орчим төрлийн criteria-тай. Хувьцаа, ETF, “fixed income”, опшион зэрэг үнэт цааснуудыг ялгаж харах боломжтой, урьдчилан бэлдсэн маш олон screener-ийн загваруудтай бөгөөд тэднийг хэрэглэгч өөрийн хүсэлд нийцүүлэн өөрчлилж болдог. ETF (Exchange Traded Fund) гэдэг нь тодорхой төрлийн үнэт цааснуудыг нэгтгэн, мэдээллийг нь “track” буюу даган цуглуулдаг төрлийн үнэт цаас, жишээлбэл S&P500 индексийг нэгтгэн дагадаг SPDR S&P500 ETF). “Fixed income” бол хөрөнгө оруулагчид тогтмол дүнтэй мөнгөн урсгал бүхий хүү эсвэл ногдол ашиг олгодог хөрөнгө эсвэл үнэт цааснууд юм. Мөн screener-үүд нь дотроо Robotics, Natural Foods, Cloud Computing гэх мэт 21 төрлийн сэдэв бүхий ангилалтай.
Яагаад амжилттай яваа
Тус компани нь сүүлийн таван жилийн турш “price improvement”-г чухалчилж, “payment for order flow” буюу PFOF-аас зайлсхийх зорилготой арилжааны алгоритмыг маш өндөр түвшинд хөгжүүлж чадсан. “Price improvement”-ийг орчуулбал “Үнийн сайжруулалт” гэсэн үг бөгөөд энгийн үгээр танд аливаа хувьцааны өнөөгийн зах зээлийн үнээс нь илүү дээр санал бүхий үнийг олж өгдөг алгоритмыг хэлдэг. Харин “Payment for order flow” нь монголоор “Захиалгын урсгалын төлбөр” гэсэн утгатай ба энэ нь ердөө арилжаанд оролцогчдын захиалгыг дамжуулж, гүйцэтгэж өгснийхөө төлөө брокерын компаниуд өөртөө авдаг мөнгөн төлбөрийг хэлнэ. Ерөнхийдөө танд илүү тааламжтай үнэ бүхий хөрөнгө оруулалтыг олж өгөхийн сацуу илүү шимтгэл, төлбөр танаас авахгүй гэсэн үг.
Тэгвэл тэд өөрсдөө ашиг олдог аргуудын нэг нь Interactive Brokers-тай ижил зарчимтай. Таны зөвшөөрлөөр таны эзэмшилд буй үнэт цаасыг зээлдүүлж, үүнээс үүсэх орлогыг тантай хувааж авдаг. 2 сарын хугацаанд энэ төрлийн зээл олгосон нийт данс эзэмшигчдийн 38% нь 100$ ба түүнээс бага, 37% нь 100$-1000$ хооронд, үлдсэн 25% нь 1000$-с их орлого олсон байна.
NBBO буюу National Best Bid or Offer гэж ойлголт байдаг. Энэ нь АНУ-гийн SEC (Securities Exchange Commission) буюу Үнэт Цаасны Арилжааны Хороо хэмээх зохицуулагч байгууллагаас брокерын компаниудыг боломжтой хамгийн бага худалдах (ask) үнэ болон хамгийн өндөр bid (худалдан авах) үнээр арилжаагаа явуулах ёстой гэсэн шаардлага юм. Тэгвэл Fidelity-гийн талбар дахь нийт захиалгуудын 96% нь NBBO-ийн үнээс илүү сайн үнээр арилжаалагддаг аж.
Эцэст нь таны ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, “зүгээр хэвтэж байгаа” мөнгийг Fidelity автоматаар мөнгөний захын сан (money market fund)-д хөрөнгө оруулалт болгон оруулдаг. Таныг хэрэглээгүй байх үед мөнгийг тань “money market fund” хэмээх маш өндөр хөрвөх чадвартай хөрөнгө болон үнэт цааснуудад хөрөнгө оруулдаг санд хийж, танд өгөөж олж өгөөд, арилжаанд хэрэг болсон цагт тань тэр даруй мөнгийг буцаан байршуулдаг. Хөрөнгө оруулалт хийгдээгүй мөнгөөр тань хүртэл автоматаар ашиг олж өгдөг гээд бод доо?
3. TD Ameritrade
(Байршил: Omaha, Nebraska, АНУ)
Веб хуудас: Online Stock Trading, Investing, Online Brokerage | TD Ameritrade
Юу хийдэг вэ?
Ameritrade нь “beginner” буюу анхан шатны, анхлан суралцагч хөрөнгө оруулагчдад хамгийн тохиромжтой хөрөнгө оруулалтын платформыг бүтээсэн финтек компани гэдгээрээ алдартай. Тэд үндсэн вебсайт хуудас, гар утасны аппликейшн, мөн дериватив буюу үүсмэл санхүүгийн хэрэгсэлд төвлөрсөн арилжаанд зориулагдсан thinkorswim зэрэг гурван өөр төрлийн платформуудыг санал болгодог байна. Тус компани нь одоогоор нийт 1 их наяд ам.долларын үнэ цэнэ бүхий хөрөнгөтэй 11 сая данс эзэмшигч хэрэглэгчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ameritrade компани маань дээр хавсаргасан жагсаалтын 5 дугаарт орсон Charles Schwab компанид худалдагдсан боловч энэхүү процесс нь эцэслэгдэх гэж багагүй хугацаа шаардагдах тул одоогоор бие даасан компаниар нь танилцуулъя.
Ямар финтек загвар ашигладаг вэ?
Хөрөнгө оруулалтын финтек моделийг ашигладаг. Дээр дурьдагдсан PFOF (payment for order flow) зарчмаар тус компани нэгж хувьцаа тутамд ойролцоогоор $0.0012-ийн шимтгэл орлогодон авдаг.
Яагаад амжилттай яваа вэ?
Тэдний арилжааны платформ руу Twitter, Facebook гэх мэт хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг нийгмийн сүлжээний талбаруудаас шууд холбогдон ашиглах боломжтой байдаг.
Тэдний платформын дизайн, бүтэц нь хэрэглэгчдэд нэг л нүүрэнд дансны мэдээлэл, баланс, балансын түүх, мэдээ гэх мэт чухал мэдээллүүдээ харах боломжийг олгодог маш энгийн, ойлгомжтой байдлаар зохион байгуулагдсан.
Ameritrade-ийн хамгийн том фокус нь боловсролын чанартай үйлчилгээнүүд нь билээ. Тэд анхлан суралцагч хөрөнгө оруулагчдад илүү төвлөрч ажилладаг тул тэдэнд чадвар нь ахих тусам үе шатлалтайгаар илүү олон төрлийн хөрөнгийн ангиллуудыг олж нээхэд тусалдаг. Ameritrade-ийн thinkorswim платформын хэрэглэгчдэд санал болгодог дата, судалгааны болон хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн тоог нийтэд нь авч үзэхэд бараг л сүрдмээр. Тус платформ нь БНХАУ-ын зах зээлд ч тодорхой хувийг эзэлж амжсан ба талбараа энгийн болон уламжлалт хятад хэл рүү хөрвүүлсэн байдаг.
Үүнээс гадна, тэд зөвхөн цахим үйл ажиллагаанаас гадна нийт 280 гаруй албан байгууллагын оффисд биечлэн очин сургалт зохион байгуулж, хэрэглэгчидтэйгээ тулж ажилладаг.
4. E*Trade
(Байршил: Arlington, Виржиниа, АНУ)
Веб хуудас: E*TRADE Financial | Investing, Trading & Retirement
Юу хийдэг вэ?
E*Trade бол асар өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалтын платформыг санал болгодог брокерын финтек компани. Тэд гурван компьютерт зориулсан, хоёр гар утсанд зориулсан арилжааны талбар бүхий бүтээгдэхүүнүүдтэй аж. E*Trade нь түлхүү өндөр цэвэр үнэ цэнэ (net worth) бүхий буюу $100,000-с дээш дүнтэй хөрөнгө оруулалт хийх хэрэглэгчдэд зориулагдсан платформ юм.
Ямар финтек загвар ашигладаг вэ?
E*Trade нь мөн л хөрөнгө оруулалтын финтек загварыг ашигладаг. Price improvement-г өндөр түвшинд хэрэгжүүлдэг тус компанийн талбарууд “spray or sequential routing” аргачлалыг ашигладаг. Энэ нь нэгэн зэрэг маш олон сүлжээнд ханддаг бөгөөд PFOF шимтгэл авдаг замууд (route) руу холбогдох магадлалыг хамгийн бага түвшинд байлгах үүрэгтэй. S&P500 хувьцааны нийт захиалгуудын 95% нь үнийн сайжруулалт авч чаддаг байна.
Яагаад амжилттай яваа вэ?
Тэдний Энгийн E*TRADE болон Power E*TRADE аппууд нь тус тусын онцлогтой. Эхнийх нь энгийн хэрэглээнд тохирох талбар бол Power E*TRADE нь опшион болон фьючерс зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслийн хөрөнгө оруулалтанд шаардлагатай хэрэгслүүдийг багтаасан байдаг.
Түүнчлэн, сүүлийн үед сайн чанартай “paper trading” үйлчилгээ олдох нь хомс болсон. “Paper trading” гэдэг нь жинхэнэ хувьцааны зах зээлийн дуураймал симулятор бөгөөд үүн дээр хөрөнгө оруулагчид бодит санхүүгийн эрсдэл үүрэлгүйгээр, арилжааны чадвар болон туршлагаа сургуулилах боломжтой байдаг. Тэгвэл E*Trade компанийн суурин компьютерт зориулагдсан E*TRADE Pro програм нь хэрэглэгчийг жинхэнэ арилжаа хийж байх вий гэж санааг нь зовоохгүйн тулд зах зээлийн хоцрогдсон датаг хүргэдэг. Тус симулятор талбарт одоогоор жилд нийт 500,000 гаруй хуурамч арилжаа хийгддэг байна.
Эцэст нь E*TRADE Prebuilt Portfolios буюу хэрэглэгчийн хөрөнгө оруулалтын үйл явцыг түргэвчлэх үүрэгтэй урьдчилан бэлдсэн хөрөнгө оруулалтын багцуудаас сонгох боломжтой байдаг. Хамгийн багадаа $2,500 бүхий ETF (тодорхой төрлийн хувьцаануудыг нэгтгэдэг үнэт цаас) болон дор хаяж $500 дүнтэй хамтын сангуудаас бүрдсэн Conservative (эрсдэл бага), Moderate (эрсдэл дундаж), Aggressive (эрсдэл өндөр) зэрэг гурван эрсдлийн түвшинтэй багцуудаас сонгож болдог.
Эх сурвалж:
Компаниудын албан ёсны вебсайт болон Linked In хуудсууд
The Best Online Brokers for 2021: The Rise of the Individual Investor and Fintech Apps | Barron's
49 Top Fintech Companies & Startups To Know In 2021 | Built In
Investopedia’s 2020 Best Online Brokers Awards
Best Online Brokers (investopedia.com)
Interactive Brokers Review: Pros, Cons, and Who Should Open an Account (businessinsider.com)
Interactive Brokers Review 2021: Pros, Cons and How It Compares - NerdWallet
- МОНГОЛЫН ФИНТЕКИЙН ӨНӨӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ФИНТЕК ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУД
- 2022 ОНД АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ФИНТЕК САЛБАРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА
- Финтек салбарынхан ирээдүйгээ ингэж харж байна
- ФИНТЕК ЗЭЭЛ: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, P2P, BNPL, МОНГОЛЫН СОРИЛТУУД
- ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТОП 5 ФИНТЕК
- ДЭЛХИЙН ТОП 4 ХӨРӨНГИЙН ЗАХ БҮХИЙ FINTECH-ҮҮД
- ДЭЛХИЙН ТОП 7 БРОКЕР ФИНТЕК
- ФИНТЕК ГЭЖ ЮУ ВЭ?
- ДААТГАЛЫН ШИЛДЭГ 5 INSURTECH
- ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ТОП 5 ФИНТЕК
- ТӨЛБӨРИЙН ТООЦООНЫ ДЭД БҮТЭЦ: АТМ-ИЙН ГҮЙЛГЭЭНИЙ БОЛОВСРУУЛАЛТ
- ДЭЛХИЙН ФИНТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД
- МОНГОЛЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЭЦ
- ДЭЛХИЙН ФИНТЕК САЛБАРЫН АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД
- КРИПТОВАЛЮТ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ 5 ФИНТЕК
- Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт хийлээ
- Storepay
- Steppe group
- ARD
- POCKET АППЛИКЕЙШН танилцуулга
- HI PAY АППЛИКЕЙШН танилцуулга
- Grapecity: Финтекийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
- “Zeely“ танилцуулга
- SupPAY танилцуулга
- Robinhood 70 сая долларын торгуулийг АНУ-ын СЗХ-д төлөхөөр болжээ
- VTB болон Visa компани ‘pay-by-glance’ програмаа тестэлж байна
- Их Британи, Скандинавын орнууд нээлттэй банкны системд бэлэн байдлыг тэргүүлж байна
- ComplyAdvantage компани Goldman Sachs-аас 20 сая долларын хөрөнгө оруулалт нэмж авчээ
- US Bank видео банкны үйлчилгээ үзүүлж байна
- HSBC банк, ING групп нар BNPL үйлчилгээ үзүүлэгч Divido компанид хөрөнгө оруулжээ
- 2024 он гэхэд онлайн бус дэлгүүрийн борлуулалтын 7 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэх төлөвтэй байна
- American Express нислэгийн төлбөрт BNPL загварыг нэвтрүүллээ
- Clover, PayBright компаниуд хамтран Канадын ЖДҮ эрхлэгчдэд BNPL/Одоо аваад дараа төл/ үйлчилгээг санал болгож эхэлжээ
- Итали улс дижитал батлан даалтын гэрээний блокчэйн гаргахаар болжээ
- Икигай компани 1.2 сая фунт стерлинг цуглуулах кампанит ажил эхлүүллээ
- Энэтхэгийн Нөөцийн банк дата хадгалалтын журмыг зөрчсөн American Express-ийн эсрэг арга хэмжээ авжээ
- Норвеги улс төв банкны дижитал валютаа/CBDC/ тест хийхэд бэлдэж байна.