ДЭЛХИЙН ТОП 4 ХӨРӨНГИЙН ЗАХ БҮХИЙ FINTECH-ҮҮД

Энэхүү нийтлэлдээ бид та бүхэнд өнөөгийн хамгийн эрэлттэй, амжилттай, шилдэг 5 capital market финтек компаниудыг танилцуулахаар бэлдлээ. Юуны түрүүнд “capital market” буюу хөрөнгийн зах гэж юу вэ? Нэг жил хүртэлх богино хугацааны өрийн хэрэгсэл арилждаг “money market” буюу мөнгөний зах зээл гэж байдаг бол, харин “capital market” буюу хөрөнгийн зах зээл гэдэг нь нэг жилээс урт хугацаатай өрийн хэрэгсэл арилждаг захыг хэлдэг байна.

1.Trumid

(Байршил: Нью Йорк, АНУ)

Веб хуудас: Trumid - Product 

TrumidXT

Юу хийдэг вэ?

Trumid бол кредит буюу өрийн хэрэгслийн арилжааг илүү үр ашигтай, хурдан, хүртээмжтэй болгоход тусалдаг хөрөнгийн зах бүхий платформыг бүтээсэн финтек компани юм. Тэдний бондын арилжааны платформ нь Market Center 2.0 гэж нэрлэгддэг. Тэд одоогоор нийт 539 худалдагч ба худалдан авагч талуудад оролцогч байгууллагууд, 1942 идэвхтэй арилжигчидтай бөгөөд нийт оролцогчдын 85% нь амжилттайгаар арилжаа хийсэн байна.

Ямар финтек загвар ашигладаг вэ?

Tэдний Trumid Market Center платформ нь IOI-based протоколыг ашиглан өргөн сүлжээн дотроосоо тохирох тэнхлэгүүд дэхь арилжигчдыг хурдан олж тогтоож, хооронд нь холбож чаддаг.

IOI-based protocol буюу “Indication Of Interest protocol” гэдгийн “Indication Of Interest” нь юуны түрүүнд үгчлэн орчуулбал “Сонирхлоо Илэрхийлэх” гэсэн утгатай холбоо үг юм. Протокол гэдэг нь аливаа системийн ажиллах зүй тогтол, дүрэм гэсэн үг. Тэгэхээр ямартайч тус платформ нь “сонирхлоо илэрхийлэх зарчмаар” ажилладаг юм байна гэж ерөнхийлж ойлгож болно.

Харин арилжааны ертөнцөд IOI гэдэг нь ердөө худалдан авагч аливаа өрийн хэрэгсэл, бондыг худалдан авахаар сонирхож байна гэдгээ урьдчилсан байдлаар илэрхийлж байгаа явдлыг хэлдэг. Гол нь энэ нь худалдан авах албан ёсны шийдвэр биш бөгөөд тус санал нь non-binding буюу хууль эрхзүйн хувьд худалдан авалт хийх үүрэг хариуцлагыг илэрхийлээгүй гэсэн үг юм. Тэгэхээр ердөө хүмүүс бондыг “худалдан авах сонирхол байна” гэдгээ илэрхийлж, худалдагч талыг тэдэнтэй холбож өгдөг системийн зүй тогтол л гэсэн үг.

Ийнхүү оролцогч талууд “match” хийснээр, өөрөөр хэлбэл хоорондоо холбогдсоноор Click-To-Trade  буюу нэг товчлуур дарах төдийд л арилжаа хийх боломжтой болдог байна.

Яагаад амжилттай яваа вэ?

Trumid компани нь “Forbes FINTECH 50” хэмээх шилдэг 50 финтек компанийн жагсаалтад багтаж чадсан бөгөөд тус жагсаалтанд “Trumid өөрсдийн платформоор дамжуулан арилжаанд оролцогчдод эхлээд anonymously буюу өөрийн хэн гэдгийг мэдэгдэхгүйгээр үнийн санал дэвшүүлж, өөрийн санаанд нийцсэн саналуудтай хэлэлцэж худалдан авалт хийх боломжийг олгодгоороо финтек ертөнцөд том шинэчлэлт авчирлаа” гэгджээ.

Үүгээр зогсохгүй тус компани нь Trubot хэмээх инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь арилжааны саналын тоон мэдээллийг “natural” буюу энгийн яриа руу хөрвүүлдэг систем юм. Өөрөө хэлбэл, та худалдан авагч тал бөгөөд ердөө “198” гэдэг тоон мэдээлэл шивж оруулахад таны худалдан авагч талтай харьцаж буй чатанд шууд “Би үүнийг 198$-оор худалдан авч чадахаар байна” хэмээн хөрвүүлж мессеж бичигдэнэ гэсэн үг. Гайхалтай биш гэж үү?

Түүнчлэн таныг шууд Trumid-ийн хэрэглэгч болох дарамтанд оруулалгүйгээр хэрэглэгчдэд эхлээд Trumid Market Center 2.0 арилжааны талбарын “demo” хувилбарыг татах буюу туршилтын байдлаар үнэгүй ашиглах боломжийг олгодог нь арилжаанд оролцогчдод уян хатан байдлыг бий болгож чаддаг байна.

2. Mercatus

(Байршил:  Цахиурын Хөндий, Сан Франциско, АНУ)

Веб хуудас: Mercatus | Investment Data Management Platform for Private Markets (gomercatus.com)

Юу хийдэг вэ?

Mercatus бол хаалттай буюу “private” хөрөнгийн зах зээлүүдэд зориулагдсан хөрөнгө оруулалтын дата менежментийн платформ юм. Хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд мөн хөрөнгө эзэмшигчид Mercatus-г сонгосноороо хөрөнгө, сан, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын цуцлалт (divestment), хувьцаа, өр гэх мэт бүх төрлийн төвөгтэй хөрөнгө оруулалтын дата өгөгдлүүдийг удирдахад тулгардаг асуудлуудаа хөнгөвчилдөг байна.

Ямар финтек загвар ашигладаг вэ?

Тэд cloud-based буюу сүүлийн үед Монгол хэлнээ “үүлэн систем” гэж хөрвүүлэгдэх болсон үйлдлийн систем ашигладаг. “Үүлэн” гэдэг нь тус системийг ашигласнаараа хэрэглэгч өөрийн хэрэгтэй дата болон системдээ хүссэн үедээ, хүссэн газраасаа “үүл” шиг холын зайнаас нэвтэрч ашиглах боломжтой гэсэн утгатай юм.

Яагаад амжилттай яваа вэ?

Доорхи зурагт харуулсанчлан, тэд хөрөнгө оруулалтын өгөгдлийн удирдлагын уян хатан байдал болон төвлөрсөн байдлыг төгс хослуулсан шийдлийг хэрэглэгчдэд санал болгодгоороо салбартаа тэргүүлэгч бусад (Points Solutions, Excel, In-House Solutions) компаниудаас түрүүлж алхдагийг тус графикийн хамгийн дээд баруун буланд байрласнаас харж болно.

 г

3. Halo Investing

(Байршил: Чикаго, Иллиной, АНУ)

Веб хуудас: Halo Investing - Structured Note Platform

Юу хийдэг вэ?

Halo Investing компани нь “structural note” хэмээх үнэт цаасны арилжааны платформыг бүтээсэн финтек байгууллага юм. “Structural note” гэдэг нь аливаа үнэт цаасанд өгөөжийг нь өсгөж, эрсдэлийг нь бууруулах өөр үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийг хавсаргасан үнэт цаасыг хэлдэг. Энгийнээр тайлбарлавал, жишээлбэл та нэгэн бонд гаргагчаас тухайн бондыг нь нэрлэсэн үнээр, 7% жилийн өгөөжтэйгөөр худалдаж авах нөхцөлтэй байлаа. Гэвч үүн дээр “хэрэв ирээдүйд бондын зах зээлийн хүүгийн түвшин 7%-иас өндөр болж өөрчлөгдвөл (тэгсэн тохиолдолд эрсдэл тань яг адил түвшнээр өснө), та худалдаж авсан бондоо буцааж, эрсдэлээс татгалзаж болно” гэсэн гэрээ хэлэлцээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэхүү хавсаргагдсан санхүүгийн хэлэлцээрийн төрлийг бид “derivative” буюу санхүүгийн үүсмэл хэрэгсэл гэж нэрлэдэг. Ерөнхийдөө “structured note” нь хөрөнгө оруулагч буюу таны хувьд үүсэх боломжтой таагүй зах зээлийн нөхцлөөс таныг хамгаалдаг “protective” буюу хамгаалттай үнэт цаас байх нь.

Ямар финтек загвар ашигладаг вэ?

Тэд “Capital Market Business Model” финтек загварыг ашиглан платформоо ажиллуулдаг.

Яагаад амжилттай яваа вэ?

  1. Ихэнх structured үнэт цаасны захуудад арилжааг хийхдээ “call-around” зарчмаар хийж, үнийн саналын өрсөлдөөн маш бага байдаг тул арилжаа удааширдаг байна. “Call-around” гэдэг нь хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргачдыг хооронд нь холбохын тулд нэг бүрчлэн утсаар холбогдож, ярих аргыг хэлнэ.

  2. Үүнээс гадна ихэнх платформууд хөрөнгө оруулагчиддаа түүний хийх гэж буй хөрөнгө оруулалт болон нэмэлт “protective” буюу өгөөжийг нь эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүнүүдийн талаарх хангалттай нээлттэй, дэлгэрэнгүй, “transparent” буюу шилэн мэдээлэл олгож чаддаггүй байна.

  3. Мөн өмнө нь “structured note” төрлийн үнэт цаас нь уламжлалт зах зээлд зөвхөн баян чинээлэг хөрөнгө оруулагчдад нээлттэй байдаг байсан.

Харин Halo Investing нь дээрхи бүх асуудлуудын шийдлийг өөртөө шингээсэн платформыг үүсгэж, хамгаалалттай үнэт цаасны хөрөнгө оруулалтын зах зээлийг илүү хурдан, мэдээлэл сайтай, хүртээмжтэй болгосноороо финтекийн салбарт дэвшилт хийж чаджээ.

4. Wealth Access

(Байршил: Нашвилл, Теннессий, АНУ)

Веб хуудас: Wealth Access: Personal Financial Management

Юу хийдэг вэ?

Wealth Access, Inc. бол өндөр “net worth” (цэвэр үнэ цэнэ буюу хүний нийт хөрөнгөөс нийт өр төлбөрийг хассан дүн) бүхий хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зөвлөхүүдэд зориулсан тайлагналын шийдлийг санал болгодог хөрөнгийн удирдлагын (wealth management) финтек компани юм.

Ямар финтек загвар ашигладаг вэ?

Тэдний диагностик буюу задлан шинжилгээ хийх чадвартай үүлэн системд суурилсан (cloud-based) платформ нь “Intelligent Aggregation” (“Ухаалаг Цогцлол”) гэж нэрлэгддэг. Тус талбар нь 20,000 гаруй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас мэдээллийг нэгтгэж харуулдаг. Ийнхүү өндөр net worth-тай хөрөнгө оруулагчдад тулгардаг хөрөнгө оруулалтын шийдвэр, татвар төлөлтийн төлөвлөлт, даатгал, мөн бусад төвөгтэй асуудлуудыг багтаасан бүх төрлийн хүнд нөхцөл байдалд туслалцаа үзүүлж чаддаг байна.

Яагаад амжилттай яваа вэ?

Доорхи зурагт харуулсанчлан, санхүүгийн зөвлөх өөрийн “client” (үйлчлүүлэгч) буюу хөрөнгө оруулагчийнхаа нэгтгэсэн тайлан балансыг нийт цэвэр үнэ цэнээ шууд харах боломжтой байдлаар бэлтгэж үзүүлэх боломжтой. Мөн хөрөнгө оруулагч өөрийн кредит карт, банкны данс гэх мэт “цаанаа” хадгалсан бусад хөрөнгүүдээ шууд өөрийн талбартаа байршуулах боломжийг олгодог. Үүнээс гадна үйлчлүүлэгч өөрийн хэрэгцээнд нийцэх байдлаар талбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх эрх чөлөөтэй байдгаараа хөрөнгө оруулагчийн хөрөнгөө удирдах, зохион байгуулах үйл явцыг улам хувь хүнд ээлтэй байдлаар хөнгөвчилж өгсөн юм. Тэд одоогийн үйлчлүүлэгчдээсээ судалгаа авч шинжлэхэд, Wealth Access-ийн Аggregation платформыг ашигласан үйлчлүүлэгч тус бүр дунджаар цэвэр орлогоо 2,000 ам.доллароор өсгөж чадсан байна.

Эх сурвалж: 

Компаниудын албан ёсны веб хуудсууд, Linked In хуудсууд

Fintech Landscape in 2020 (with Infographic) | Toptal

The perfect storm of technology and capital markets: The modern history of FinTech (assets.kpmg)

Indication of Interest (IOI) Definition (investopedia.com)

145+ Tech Startups Focused On Transforming Capital Markets In One Market Map (cbinsights.com)

Halo Investing Company Profile: Valuation & Investors | PitchBook

Crunchbase: Discover innovative companies and the people behind them



1 сарын 25, 2022